card

Мэндчилгээ

Монголын археологичдын холбоо нь 2007 оны 3-р сарын 15-ны өдөр Монголын археологич эрдэмтэн судлаачдын санаачлагаар анх үүсгэн байгуулагдаж байжээ. Тус нь холбоо нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, археологийн шинжлэх ухааныг хөгүүлэх үндсэн зорилго бүхий нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага билээ. Өнөөдөр холбоо эгнээндээ ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей, Монгол улсын Их сургуулийн Антропологи-Археологийн тэнхим, Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн, Соёлын Өвийн Үндэсний Төв, Улаанбаатарын Их сургууль, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 100 орчим археологич, дэмжигчдийг багтаасан бөгөөд түүний дотор шинжлэх ухааны доктор 1, доктор 27, магистр 47, академич 1, профессор 3, дэд профессор 9 хүн байгааг бахархан дурдах нь зүйтэй.

Тус холбооны эрхэм зорилго нь археологчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах замаар археологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Энэхүү зорилгот хүрэхийн тулд холбооны зүгээс Монголын археологчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ахмад залуу судлаачдын залгамж халааг бий болгох, салбарын дунд шинжлэх ухаанч өрсөлдөөн, залуу судлаачдын урам зоригийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монголын археологийн шинжлэх ухааны хөгжлийн бодлогыг боловсруулах энэ цаг үеийн эрхэм үүргийг хүлээсэн бид бүхэн энэхүү холбооны дор эвлэлдэн нэгдэж, эрч хүчтэйгээр цаашид ажиллах нь дамжиггүй юм. Холбооны гишүүд, дэмжигчид та нартаа амьдралын сайн сайхан, шинжлэн судлах ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. 

Монголын археологичдын холбооны Ерөнхий захирал

доктор, дэд профессор Ч.Амартүвшин