Нүүдэлчдийн түүхээс хот төлөвлөлтийг харж болно

ТӨВ АЗИЙН ӨНДӨРЛӨГТ ӨВӨРМӨЦ АРД ТҮМЭН АМЬДАРЧ БАЙНА...

Дэлхий дээр архео­ло­гийн шинжлэх ухаан маш эртний түүхтэй. Вави­лоноос эхлээд эртний хаадууд өмнөх хаадынхаа амьдралын хэв маягийг мэдье, харъя гэсэн санаа­гаар өмнөх түүх рүүгээ өн­гий­сөн судалгааг эх­лүүл­сэн. Манай археологийн шинжлэх ухаан ч тэр зарч­маар явсан. XVIII зуунд гадны жуулчид Түвд рүү, Хятад руу явах замдаа Монголын нутаг дэвсгэрээр хөндлөн гулд явж археологийн дурс­га­луудтай танилцсан бай­даг. Монголын нутаг дэвсгэр дээрх археологийн дурсгалуудын талаар тайлан, мэдээг өөрийн орондоо илгээж байсан. Түүндээ Төв Азийн өн­дөр­лөгт өвөрмөц ард түмэн амьдарч байна. Тэр хүмүүсийн өмнөх түүх маш гайхамшигтай, Чингис хаан, Хүннү гүрэн­тэй холбоотой гэсэн мэдээл­лийг анх дэлхийд гаргасан. 

Монголчууд өөрсдөө газар доор булаатай, эсвэл газар дээр сүндэрлэж бай­гаа хот, балгад хөшөө дурсгалыг судлан шинж­лэх ажил 1920-оод оноос эхэлсэн. Мэдээж ту­хайн үед манай улсад мэр­гэж­лийн боловсон хүчин гэж байсангүй. Эхний үед гадны судлаачид голлох үүрэг гүйцэтгэж байсан. Голдуу Оросын судлаачид ажиллана. Тэд алдарт Ноён уулын малтлага, судалгааг хийж Монгол археологийн анхны томоохон судалгааг дэлхийд гаргаж шуугиан тарьсан. Мөн Их Монгол Улсын нийслэл Хар хорин хотын  малтлага судалгааны ажил, Түрэгийн хаант улс зэрэг Монголын түүхийн хамгийн онцлог, гол үеүд дээр нь гадны судлаачид ажилласан байдаг. Энэ нь өнөөдрийн Монгол Улсыг агуу, баялаг түүхтэй гэдгийг дэлхийд харуулсан. Ингэснээр монгол үндэс­ний археологичдыг бий бол­гоход том түлхэц болсон.

МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРХЕОЛОГИЧИД ХӨДӨӨГИЙН ПЭРЛЭЭГЭЭС УЛБААТАЙ

Монголын ууган археологич, археологич­дын эцэг гэгддэг Хөдөө­гийн Пэрлээ өөрийн орны хэвлий дор байгаа эртний булш бунхнаа судлах, түүх соёлынхоо дурсгалыг малтан шинжлэх ажлыг 1940-өөд оноос эхлүүлсэн. Энэ хүн үнэхээр сүүн замтай, буянтай хүн байлаа. Түүний мөрөөр олон археологич гарч ирсэн. Хүннүгийн чиг­лэлээр судалгаа хийсэн Ц.Доржсүрэн, Түрэгийн үеийн судалгаан дээр ажил­ласан Н.Сэр-Оджав, чулуун зэвсгийн үеийг судалсан Д.Дорж, хүрэл зэвсгийн үеийг Д.Наваан гэж том археологич нарыг Х.Пэрлээ гуайн дараа үеэс нэрлэж болно. Ингээд Монголын археологийн судалгаа илүү их нарийсч эхэлсэн хэрэг. Хот балгад, хөшөө дурсгал, зарим нь бүр чулуун зэвсэг буюу балар эртний судалгаа руу анхаарч эхэлснээр манай судалгаа тэлсээр байсан. Энэ мөрөөр үе, үеийн мун­даг археологичид төрөн гарсан. Археологи бол шавь сургалтаар явдаг нь бусад шинжлэх ухааны салбараас илүү онцлог, үр дүнтэй. Судалгааны обьект, лаборатори нь хээр байдаг. Тиймээс багш нь шавьдаа бүх эрдэм мэдлэг,  судалгааны аргачлалаа зааж өгдөг багш, шавийн залгамж халааг бий бол­годог өвөрмөц салбар.

ЯЗГУУРТНЫ БУЛШААС ЭНГИЙН АРД ТҮМНИЙХ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ

Бид их өвөрмөц ард түмэн. Нүүдлийн бо­лон суурьшмал соёл ир­гэнш­лийг хоёуланг нь хослуулаад авч үлд­сэн. Нүүдлийн соёл иргэн­шил­тэй ард түмэн өнөөдөр дэлхийд товойсон том эзэнт гүрнүүдийг яагаад байгуулах болов, тэдэнд юу илүү байгаад том эзэнт гүрнүүдийг байгуулж Евро-Азидаа төдийгүй дэлхийд гайхагдах болсныг суд­лахын тулд бид нүүд­лэ­хүйг сайн ойлгох хэрэгтэй.

Сурвалжийн мэдээнд, эсвэл бидний малтан судалж байгаа зүйлс маань ихэнхдээ язгууртны түүхийн тухай өгүүлдэг. Хүн бүр мэднэ. Гол мод­ны язгууртны булш, Таван­толгойн язгууртны мон­гол булш, Хар хорин буюу аваргын балгас гээд л. Энэ нь томоохон зон­хилогч нарын орд харш өргөө зэргээр бүх олд­вор язгууртны тухай. Сур­валжийн мэдээн дээр ч хоёр улсын зөрч­лийн асуудал хаад язгуурт­нуудын хооронд байдаг. Хүннүгийн язгууртны булш­наас үнэтэй цэнэтэй зүйлс олддог. Хүннүчүүд тэр чигээрээ Ромын эзэнт гүрэнтэй шууд холбогддог. Эсвэл Хятадтай холбоотой. Үнэхээр ганган тансаг зүйлс хэрэглэдэг байсан гэх ойлголт төрөхөөр байгаа. Гэтэл өнөөдрийн амьдралын хэв маяг дээр ургуулж бодвол тэр их том хаад язгууртан, нэр нөлөө бүхий хүмүүсийн босгосон түүхийн ард мэдээж эн­гийн ард түмэн байсан. Бид­ний хувцасны хэв маяг өөр байхад манай дээд түвшний хувцас хунар өөр байна шүү дээ. Үнэндээ ард түмэн буюу жинхэнэ жирийн иргэд яаж амьдарч байсныг судалж шинжлэх нь илүү сонирхолтой бай­гаа юм. Энгийн хү­мүүс яаж нүүдэллэж байв, тэд ямар таваарын солил­цоо хийдэг байв, тэдний хоорондын дайн тэмцэл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн жендерийн асуудал ямар байсан, хот айлын бүтэц ямар байсан зэргийг археологиор харах боломж их бий.

ХҮННҮЧҮҮД ХОТ ДОТРОО ШАВЖ АМЬДРААГҮЙ

Энэ нь бусад шинжлэх ухаан, өнөөгийн хөгжилд ямар хэрэг болох вэ гэвэл бид нүүдэллэх аж ахуйн ту­хай бодитоор харах бо­ломж юм. Бидний судал­гаа­ны явцад нэг зүйл ажиг­лагддаг нь говьд амь­дарч байсан хүмүүс хан­гайд амьдарч байсан, хан­гайд ч мөн говийн амьд­ралын хэв маягтай хү­мүүс аж төрж байсан нь нотлогддог. Үүнээс үзэхэд эртний монголчууд маш хол зайтай нүүдэл хийдэг байсан. Магадгүй Алтайд очиж өвөлжөөд нам­рын хамгийн сайхан цагт говьдоо намарждаг амьд­ралын хэв маяг харагд­даг. Гэтэл Манжийн үеэс манайхыг олон жижиг хошуу болгож хуваасан. Суурьш­мал маяг руу шах­саар нүүдэлчдийн замыг багас­гасаар одоо бүр ма­лын бэлчээргүй болж бай­гаа. Отрын айлууд энд тэнд очиход том хэрүүл тэмцэл болдог. Үүнээс нүүдлэхүйн асуудал гарч байгаа юм.

Өнөөдөр хот төлөвлөлт гэж их ярьж байгаа. Нүү­дэлчдийн хувьд Хүннү гүр­ний үеэс хотын асуу­дал гарч эхэлдэг. Хан улс­тай Хүннү гүрэн эн зэрэг­цэхүйц болж Азийн бүс нутагтаа томоохон өрсөлдөгч талууд болсон. Хан улс бол суурьшмал соёлын том төлөөлөл бай­сан. Хүннүчүүдийн хувьд нүүдлийн аж ахуйн хамгийн том бүтэц. Улс төрийн харилцаанаас болж хүннүчүүд эн зэрэгцэхүйц том гүрэн болохоо харуулахын тулд хот балгад барьж эхэлсэн. Гэхдээ тэндээ бүх хүмүүсээ оруулаад хот дотроо шавж амьдраагүй. Том дипломат харилцааны үед хотдоо зочдыг угтан авч болно. Хүннүгээс хойш ч ийм байдал ажиглагддаг. Киданы үед маш олон хот яригдаж байсан. Үнэн­дээ энэ хотууд бас л суурьшмал соёлоос ирсэн том зүйл. Шинжлэх ухаан бол эртний түүхээ судалж өнөөгийн үйл явцтай уялдуулдаг. Эртний түүх бол бүдүүлэг, тэр үед ийм ч юм байгаагүй гэлцдэг. Нүүдлийн мал аж ахуйгаас эхлээд зам харилцаа, сүм хийд барих нь хүртэл эрт­ний нүүдэлчдээс улбаатай. Тэгэхээр өмнөх үеэ судалж байж хот төлөвлөлт, хөгж­лийг бий болгож болно. Ер нь шинжлэх ухаан бүр улсын хөгжилд хэрэгтэй зүйлийг хийдэг. Археологи ч ийм байх боломжтой.

УЛСЫН ХӨГЖЛИЙГ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, МУЗЕЙН БАЙГУУЛАМЖААР НЬ ТОДОРХОЙЛДОГ. ХАРИН МАНАЙХ...

Олдвор хадгалах байр, музейн тухай үе, үеийн Засгийн газрын үед яригд­даг. Бүр “Маргааш баригд­чих нь дээ” гэж бодох үе хүртэл байсан. Энэ нь улс орны эдийн засаг, улс төртэй шууд холбоотой. Үнэндээ шинжлэх ухааны салбарыг хэзээ ч орхиж болохгүй.

Аялал жуулчлалаа хөг­жүүлмээр байна гэж их ярьдаг. Түүний тулд жорлон, замын ту­хай л ярьж байдаг. Гэх­дээ хам­гийн чухал нь жуулчид Мон­голыг яагаад зорьдог вэ гэвэл тэд хамгийн тү­рүүнд музей үзэх сонир­холтой байдаг. Гэтэл ма­найд музейн асуудал ямар байгаа билээ. Үндэсний археологийн музей бари­хаар олон жил ярьсан. Эдийн засаг сэргэлттэй бай­сан 2011, 2012 оны үед зураг төслийн тухай яригдаж, бүр ажлын хэсэг ч гарч байсан удаатай. Одоо бол таг чиг. Уг нь яаж ийгээд өр тавиад ч болов археологийн музей бай­гуулчихвал тун удалгүй зардлаа нөхөх боломжтой. Монголын археологийн түү­хийг үзэхээр эртний суд­лал сонирхдог, архео­логи сонирхдог дэлхийн бүх хүмүүс зорьж ирнэ. Түүнээс бид мөнгөө хэд нугалаад л олчихно. Ер нь тухайн улсын хөгжлийг цэн­гэлдэх хүрээлэн, музей барьж байгаагаар нь тодорхойлдог гэдэг. Цэн­гэлдэх хүрээлэн, музей байгуулаад эхэлвэл энэ улс хөгжиж байна гэж олон улс хардаг. Тэгэхэд манайх одоо болтол музей ба­риагүй байгаа нь улс ядуу байгааг л харуулж байна.

Дээр хэлснээр архео­логийн шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байна. Монгол өөрөө археологийн судалгаа хийх талбар, түүх, өв соёл нь бай­гаа учраас гадныхан судалъя гэж орж ирсэн. Манай залуус хамтарч суд­лахын тулд дагалдагч бай­мааргүй, зэрэгцэн судлагч байх ёстой хэмээн үзэж Америк, Франц зэрэг олон улсад боловсрол эзэмшиж ирээд ажиллаж байна. Дэлхийн улсууд ч энэ тухайд анхаарч, Монголын археологийн хурал, цуг­лааныг өөр өөрийн улсдаа зохион байгуулах бол­сон. Нэг ёсондоо Монголын археологийн салбарын тө­лөө дэлхий санаа тавьж байна.

Харин манайд санаа та­вих, үүрэг хүлээх, шийд­вэр гаргахаас эхлээд олон асуу­дал байна. Одоо би­дэнд тулгамдаж байгаа нэг том асуудал байгаа нь олдвороо хадгалах  байр, сав. Музей барина гэж ярьсаар байгаад сан хөрмөг дэл­бэрэх гэж байна. 1940 оноос хойшхи олдворууд Түүх, археологийн хүрээ­лэн­гийн сан хөмрөгт хад­га­лагдаж байна. 1990-2017 оны хүртэл археологийн хувьд том тэсрэлтийн үе. Хамгийн их малтлага хийж хамгийн их олдвор ол­сон үе. Ноён уулын гай­хамшигт олдворууд, Баян-Өлгийн ширдэг, модон зүйлс гээд, хадны оршуулгын зүйлс гээд хэмжээлшгүй олдвор бий. Саванд хязгаар бий. Сав удахгүй дүүрнэ. Үүнд ан­хаараасай гэж хэлэх ч үнэндээ ичмээр юм. Музей барьж дийлэхгүй байгаа бол хадгалах сав хэрэгтэй байна. Улс орны амьдрал сайжирч музей байгуулах хүртэл олдвороо цэгцтэй хадгалъя.

ГАЖУУДЛЫГ ЗАСАХ УХААНТАЙ ХҮМҮҮСИЙН ЦАГ ИРЭХ БАЙЛГҮЙ

Энэ салбарт тулгамдаж буй дараагийн асуудал нь хуулийн хэрэгжилт. Соёлын өвийн тухай хууль сайн, жигд хэрэглэж чадвал муугүй хууль. Хууль бат­лагдсанаас хойш хэрэг­жүүлж байгаа чухал заалт нь бол барилга, байшин барих тохиолдолд архео­логийн олдвор бай­гаа эсэхийг тодруулах ажил юм. Улаанбаатар хот өдөр тутам тэлж, байшин барилга маш ихээр нэмэгдэж байна. Улаанбаатарт сугалаагаар маш их газар олгосон. Түүнийг бид буруутгаагүй. Гол нь Соёлын өвийн тухай хуулийг хэрэгжүүлж тэдгээр байшин барилга барьж байгаа газар, иргэдэд олгож байгаа га­зарт археологийн олдвор байгаа эсэхийг мэдэх ямар ч боломжгүй. Гэтэл хаа хол Өмнөговийн Далан­задгадад барилга барихаар боллоо, археологийн олдвор байгаа эсэхийг тодруулъя гээд бидэнтэй холбогдож байна. Гэтэл улаанбаатарчууд таг дуугүй, барилгаа барьсаар л байна, газраа олгосоор л байна. Хуулийн хэрэгжилт, хуулийг сурталчлах асуудал ерөөсөө тасарсан.

Дээрээс нь шийдвэр гаргах төвшний хүмүүс энэ салбарыг өөрсдөө хумьж байна. Хуучин Археологийн хүрээлэн гэж байгаад Түүх, археологийн хүрээлэн болгож нэгт­гэсэн. Салбар маань МУИС, Улаанбаатар их сургуульд археологийн ангитай байлаа. Одоо анги дүүргэлт үгүй болж, элсэн оюутан эрс цөөрсөн. Шинжлэх ухааны салбар төрийн дэмжлэгээр хөгж­дөг. Гэтэл улам хумигдаад байна. Бид төрд хэрэгтэй үе гэвэл төрийн  томчууд ийшээ тийшээ айлчлах болохоор л биднийг ашиг­ладаг. Иран явах боллоо, Ирантай холбоотой юм бэл­дээрэй, Францад үзэс­гэлэн гар­гах гэж байна, түүн­тэй холбоотой юм гаргаад ир гэхээс цааш­гүй. Гэсэн ч бид өдөр тутмын­хаа ажлыг хийгээд явж байгаа. Чадах чинээгээрээ судлаачдыг бэл­дэх гээд л зүтгэж байгаа. Ахмадууд ч гэсэн явж байсан. Бид ч бас явж байна. Ямартаа ч энэ байдлыг засах ухаантай хүмүүсийн цаг ирэх байлгүй.