Монголын Археологи-2020

Энэ жил Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 800 жилийн түүхт ой тохиож, эртний түүх соёл, уламжлалаа дээдлэн хүндэлдэг хэн бүхэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөөхийг хичээж байна. Хичээж байна гэж хэлсний учир учир нь дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийтийг хамарсан арга хэмжээнүүд бүрэн зогсож, бид бүхэн хязгаарлагдмал хүрээнд ажиллаж, амьдраад нэг жилийн нүүрийг үзэх гэж байгаа билээ.

Энэхүү хүнд хэцүү нөхцөл байдалд ямартай ч олон жилийн уламжлалтай “Монголын археологи-2020” хурлаа таслалгүйгээр хийхийн зэрэгцээ Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотынхоо 800 жилийн ойд зориулан цахим хэлбэрээр зохион байгуулахаар зэхэж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Өнгөрч буй жилд манай археологийн салбарын гадаадтай хамтарсан төслийн хээрийн шинжилгээний ангиуд бүрэн зогссон хэдий ч үндэсний болон авран хамгаалах археологийн төслүүд 17 аймгийн 30 гаруй суманд амжилттай ажилласан бөгөөд эдгээр хээрийн судалгааны ангийн үр дүнг нэгтгэн 20 орчим байгууллагын 80 гаруй судлаач 28 илтгэл хэлэлцүүлэхээр бэлэн болжээ.

Хээрийн судалгаа болгон өөрийн гэсэн шинжлэх ухааны зорилготой, түүндээ хүрэх арга зүй, аргачлалтай бөгөөд тиймээс ч жил бүрийн хурлаар хэлэлцэгддэг бүх илтгэлүүдэд онцлог шинж, давуу тал, ач холбогдол, орон зай байдаг билээ.

Энэ жилийн судалгааны дотроос Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван богдоос хайх цогц судалгаанаас эхлээд Увс аймгийн Хяргас сумын Билүүгийн голын Мөнххайрханы соёлын хүрээнд хамаарагдах булш, Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур орчимд малтсан төмрийн түрүү үеийн ховор сонин олдворт булш, Харганын голын Хүннүгийн хаадын ордны малтлага, Хэнтий аймгийн нутагт хийсэн Хүннүгийн дараах нүүдэлчид төслийн судалгаа, Дархадын хотгорын дундад зууны язгууртны булшны малтлага, XVII зууны үеийн Сарьдагийн хийд, Сүм толгойн малтлага судалгаа гээд олон сонирхолтой үр дүнг цохон тэмдэглэж болно.

Дээрх дурдагдсан суурь судалгаанаас гадна манай археологичид Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр аж ахуйн нэгж, төрийн байгууллагатай хамтарсан төсөл арга хэмжээг зохион байгуулж, археологийн дурсгалын мэдээллийн сан, эрсдлийн үнэлгээг тогтоох чиглэлээр дорвитой ажлуудыг хийсэн байна.

Мөн энэхүү өвөрмөц хийгээд хүнд нөхцөлд хичээн ажилласан мэргэжил нэгт нөхдийн хээрийн судалгааны ажлын үр дүн дээр тэдний бүтээж туурвисан ном бүтээлийн арвин ургацыг нэмбэл үнэхээр бэрхшээл саадыг боломж болгон ашиглаж чадсан салбарынхан гэж хэлэхэд буруутахгүй бизээ.

Харин ирэх жилдээ та бүхний эрдмийн их ажил өөдрөг, алтан шар зам маань өлзийтэй,
аяны богц дүүрэн олзтой байхыг хүсэн ерөөе.

Ч.Амартүвшин

Монголын археологичдын холбооны Гүйцэтгэх захирал

доктор (Ph.D), дэд профессор

Хурал 2020 оны 12-р сарын 28-ны өдөр (Даваа гарагт) Улаанбаатрын цагаар 10:00 цагаас  эхэлнэ. Доорх Zoom link-р орж хурлыг үзэх боломжтой. 

https://us02web.zoom.us/j/83374826728